2012 Election Platform of Civil Will Green Party

ИЗНН-ын “АМЬДРАЛ” Мөрийн хөтөлбөр нь “хөгжлийн төөрөгдөлд” орсон Монгол улсыг экологийн чиг баримжаатай нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд хөтлөж, Монгол хүн Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ.

  • ХУВЬ ХҮНИЙ АМЬДРАЛ

  • ӨРХ ГЭРИЙН АМЬДРАЛ

  • ХОТЫН АМЬДРАЛ

  • ОРОН НУТГИЙН АМЬДРАЛ

  • УЛС ОРНЫ АМЬДРАЛ


ХУВЬ ХҮНИЙ АМЬДРАЛ

  • Даацтай, оролцоотой, тэнцвэртэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, монгол хүн Монголдоо сайхан амьдарна.

  • Иргэн хүн бүрт айх аюулгүй, эрх чөлөөтэй амьдрах, сурч боловсрох, амьдралаа өөрөө зохиож, аз жаргалаа эрэлхийлэх тэгш боломжийг олгохыг зорино.

  • Ажилгүйдлийг 50 хувь бууруулна.

  • Нийгмийн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүрэн хамруулна.


ӨРХ ГЭРИЙН АМЬДРАЛ

  • Хүүхдийн сүүний газар, сувиллын эмнэлгүүдийг хувийн хэвшлийн оролцоотойгоор хот, хөдөөд байгуулна.

  • Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг бий болгоно.

  • Өрхүүдийг санхүүжүүлэх бүтцийг бий болгож, “Иргэний хөгжлийн зээлийн сан” байгуулж, зээл сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх, хянахад иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.


ХОТЫН АМЬДРАЛ

  • Агаарын бохирдлыг цогцоор нь шийднэ.

  • Авто замын түгжрэлийг зөв менежментээр зохицуулна.

  • Улаанбаатар хотын метроны зураг төслийг бэлэн болгоно.

  • Шинээр баригдаж буй хороолол, суурин газруудад сургууль, цэцэрлэгүүдийн хүртээмжийг сайжруулж, хүн амьдрах ээлтэй орчинг бүрдүүлнэ.

  • Улаанбаатар хотод “Нэг сая мод” хөтөлбөр хэрэгжүүлнэ.


ОРОН НУТГИЙН АМЬДРАЛ

  • Орон нутгийн төсөв, санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ.

  • Сумын Засаг даргыг иргэд шууд сонгодог болно.

  • Аймаг, бүсийн хөгжлийн 2013-2020 оны хөтөлбөрийг баталж, бүсийн асуудал хариуцсан захирагчийг сайдын зэрэгтэй тэнцэхүйц эрх мэдэлтэй болгон ажиллуулна.

  • Уул уурхайн салбараас олох орлогын 40 хувийг тухайн орон нутагт зарцуулах хууль эрх зүын орчинг бүрдүүлнэ.

  • Бэлчээр, газар тариалан, байгалийн нөөц ашиглалтын газруудыг нэгдсэн системээр зохицуулна.

  • Малын бэлчээрийг хамгаалж, худаг усаар хангах ажлыг зохион байгуулна.

  • Малчдыг зээлийн дарамтнаас чөлөөлөх боломжийг бүрдүүлж, ажил амьдралаа дээшлүүлэх арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлнэ.


УЛС ОРНЫ АМЬДРАЛ

  • ИЗНН-ын даацтай, тэнцвэртэй, оролцоотой загварыг мөрийн хөтөлбөрийнхөө гол бодлогын томъёолол болгон зарлаж байна.


НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн байгалийн баялаг, газар нутгаа харь хэлтэнд барьцаалан зээлдэх биш харин үе үеийн монголчуудын амьдралыг дээшлүүлэх даацтай буюу олон тулгуурт, тогтвортой, иргэдийн оролцоотой “ногоон” эдийн засгийн бүтцийг бий болгоход зориулна.

Даацтай хөгжил, байгаль орчны асуудал бол Монгол улсын хөгжлийн тэргүүлэх №1 чиглэл гэдгийг Үндсэн хуульд суулгаж, дэлхий даяар, НҮБ ба олон улсын бүх байгууллагуудад зарлан тунхаглана.


ТАВАН 20-ИЙН ЗОРИЛТУУД

  • 2020 хүртэлх хугацаанд байгаль орчинд оруулах хөрөнгө оруулалтын 20%-д хүргэнэ.

  • Эрчим хүчний үр ашгийг 2020 он гэхэд 20 хувиар дээшлүүлж, сэргээгдэх эрчим хүчийг 20%-д хүргэнэ.

  • Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн цахилгаан станц барих, цөмийн түлш үйлдвэрлэх, цөмийн хаягдлыг байршуулахыг хатуу хориглоно.

  • 2013 оноос эхлэн Засгийн газрын тендерт “ногоон худалдан авалт”-ыг тусгайлан оруулж, 2020 он гэхэд 20 хувь болгоно.

  • 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 20% багасгана.

  • Байгалийн баялгийг хамгаалагч, ашиглагч, эзэмшигчид нь үйл ажиллагаагаа нутгийн өөрөө удирдах байгууллагад тайлагнадаг, цаашдын үйл ажиллагааг хамтран шийддэг тогтолцоонд шилжэнэ.

  • Газар ашиглалтын орон нутгийн бодлогыг төрийн хэмжээнд нэгтгэж, бэлчээрийн, газар тариалангийн, байгалийн нөөц ашиглалтын газруудыг нэгдсэн системээр зохицуулна.

  • Ногоон бизнесийг тэргүүн ээлжинд татвар, гааль, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих иж бүрэнарга хэмжээг 2013 оноос яаралтай хэрэгжүүлж эхлэнэ.

  • Зээл төслийн санхүүжилтийн шалгуурыг багасгаж, зээлийн баталгааны  төрийн сангаар дамжуулж бичил, өрхийн болон жижиг бизнесийг дэмжих бодлогыг явуулна. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, авсаархан технологийн зээл, лизинг олгож буй санхүүгийн лизингийн компаниудыг татвараас чөлөөлнө.

  • Бичил, өрхийн, жижиг бизнес эрхлэгчдэд ажлын байр, объектыг түрээсэлж буй аж ахуйн нэгжүүдийг үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлнө.

  • 2012-2016 онд аймаг, дүүрэг бүрд дор хаяж 1 инкубаторын бизнес хөгжүүлэх төвийн барилга барих санхүүжилтийг төрөөс гаргаж, менежментийг иргэдийн мэдэлд өгнө.

  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас компаниудын  шударга бусаар үнэ тогтоож буй эсэхэд хяналт тавих эрхийг баталгаажуулж, хариуцлагыг өндөржүүлнэ.

  • Хувийн хэвшлийн бизнесийн байгууллагад мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс үзүүлж буй зүы бус дарамт, нөлөөллийг арилгана.

  • Уул уурхайн компаний инноваци, нано болон био технологийн салбарыг хөгжүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалтыг татвар ноогдох орлогоос чөлөөлнө.

  • Ашигт малтмалын лиценз олгох шалгууруудыг өндөрсгөж, хязгаарлан, нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийлгэнэ.

  • Гадаадаас ажиллах хүч авах тоонд хязгаар тогтоож, зөвхөн нарийн мэргэжлийн хүмүүсийг урьж ажиллуулна.

  • “Хүний хөгжлийн сан”-г өөрчлөх замаар “Үндэсний ирээдүйн баялаг” санг бий болгоно. Энэхүү сан нь бие даасан, нийгмийн оролцоотой удирдах зөвлөлтэй, мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангийн удирдлагатай, ашиг өгөөж олох, өсөлтийг хангах нээлттэй, ил тод удирдлагатай байх юм. Мөн орлогыг нийгэмд хэрэгтэй урт хугацааны, эдийн засгийн хувьд ашиг хуримтлуулах боломжтой хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй байна.


ШИНЭ ЗАСАГЛАЛ- АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАЛ

  • УИХ-ыг тараах, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрхийг иргэд, сонгогчдод олгоно.

  • УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсарч ажиллахыг хориглоно.

  • Шадар сайд, дэд сайдын албан тушаалыг үгүй болгоно.

  • Монгол Улсын бүх хууль, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актуудад үнэлгээ хийж давхцал, зөрчлүүдийг арилгана.

  • Гэрч, хохирогчийн эрхийг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.

  • Иргэд Засаг даргаа өөрсдөө шууд сонгодог, хариуцлага тооцдог, эргүүлэн татдаг болгоно.

  • Төрийн албаны шалгаруулалтыг ил тод болгож шалгалт өгч тэнцсэн хэн бүхний нэрсийн дараалал интернетэд ил тодоор байрлах ба тухайн суларсан орон тоонд нэрсийн дарааллаар очиж ажилладаг байх зарчмыг төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хуульчлан шийднэ.

  • “Улс Төрийн Намын тухай” хуулинд өөрчлөлт оруулж улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгоно. Амьдарч буй орчныхоо төлөвлөлт шийдвэрт иргэд өөрсдөө оролцдог Иргэний нийгмийг бүрдүүлнэ. Хувь хүний эрх, эрх чөлөөг зөрчин, амьдарч буй орчинд нь иргэний зөшөөрөлгүйгээр төлөвлөлт хийх, барилга, зам барих, хүрээлэн буй орчныг нь сүйтгэдэг тогтолцоог өөрчилнө.


ХАМГИЙН САЙН ХЯНАЛТ БОЛ ИРГЭДИЙН ХЯНАЛТ

  • Амьдарч буй орчныхоо төлөвлөлт, шийдвэрт иргэд өөрсдөө оролцдог Иргэний нийгмийг бүрдүүлнэ. Хувь хүний эрх, эрх чөлөөг зөрчин, амьдарч буй орчинд нь иргэний зөвшөөрөлгүйгээр төлөвлөлт хийх, барилга, зам барих, хүрээлэн буй орчныг нь сүйтгэдэг тогтолцоог Иргэдийн оролцоот төлөвлөлт, хэрэгжилтийг нэвтрүүлснээр өөрчилнө.

  • Байгаль орчноо хамгаалах, нутаг орноо хөгжүүлэхэд оршин суугаа иргэдийг дуу хоолой шийдвэрлэх хүчин зүйл байхаар эрх зүйн орчин, бодлогыг өөрчилнө.

  • Алдааг гарсаны дараа нь бус гарахаас нь өмнө илрүүлж, засах иргэний нийгмийн хяналтыг хэрэгжүүлнэ.

  • Сум, дүүрэг, аймаг, хот бүр төсвөө нээлттэй тайлагнадаг болж, Иргэдийн хурлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулдаг болгоно.

  • Иргэний нийгмийг хөгжүүлнэ. Газар өмчлөл, хувьчлал, барилга, уул уурхайн газрын зөвшөөрлийг баг, хорооны Иргэдийн нийтийн хурлаас олгодог журамд шилжинэ. Газрын алба ИНХ-ын шийдвэрийг бүртгэх л үүрэгтэй болно.

  • Төрийн зарим үүргийг ТББ, Мэргэжлийн холбоод, хувийн хэвшилээр гүйцэтгүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн 1 хувийн татвараар ТББ Иргэний нийгмийн байгууллагуудыг санхүүжүүлнэ.


ГАДААД ХАРИЛЦААНЫ ШИНЭ ТОГТОЛЦОО

  • Монгол улсын өнөөгийн гадаад харилцааны бодлогод улс орнуудыг эрэмбэлэн жагсаах бодлого барьж байгаа хэлбэрийг өөрчлөн, хоёр үндсэн баганатай бодлого баримтална. Эхний баганад хоёр хөрш, үүнтэй дүйцэхүйц өөр нэг багана нь ардчилсан үзэл дээр суурилсан орнуудыг чухалчлах юм. Ардчилсан үзлээрээ нэгдэж буй орнуудыг гуравдагч хөршийн байрнаас тэргүүлэх тулгуур баганы байр суурь руу оруулж буй нь Монгол Улсыг аюулгүй байдал, эдийн засаг, ардчилсан үзэл санааны тал дээр хамтрах олон хөрштэй болол боломжийг бүрдүүлнэ.

  • Гадаад харилцаанд хийсвэр, том, хөрөнгө хүч их зарцуулсан бодлогоос илүү, эх орныхоо эдийн засгийн сонирхлыг дэмжих бодлого баримтлана. Элчин сайдын яамдын үйл ажиллагааг хурал, айлчлал зохион байгуулсны тоогоор бус, эдийн засгийн дорвитой бүтээмж, хөрөнгө оруулалт, худалдааны эргэлтийн хэмжээнд үндэслэн дүгнэдэг тогтолцоонд шилжинэ.


ЭРҮҮЛ ХҮНС- ЭРҮҮЛ АМЬДРАЛ

ИЗНН-ын Хүнсний бодлого нь дараахи 3 тулгуур хэсэгтэй байна:

  1. Эрүүл, аюулгүй хүнс

  2. Тогтвортой хангамж

  3. Ухаалаг, жигд хүртээмж


ДААТГАГДСАН ЭРҮҮЛ АМЬДРАЛ

  • Нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад эрс өөрчлөлт хийнэ.

  • Эрүүл мэндийн даатгалын цоо шинэ тогтолцоог бий болгоно.

  • Эмнэлгийн ажилтнуудын ажиллах, сурах нөхцөл байдлыг сайжруулна.

  • Ажилгүй иргэд, малчид гэх мэт төрөөс даатгалын төлбөр авдаг хүмүүст эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг хүртээмжтэй болгоно.

  • Нийгмийн даатгалын салбарыг хариуцлагатай болгож, хүний төлөө үйлчилдэг тогтолцоог бий болгоно.


САЙН БОЛОВСРОЛ-САЙХАН АМЬДРАЛЫН ҮНДЭС

Боловсролыг дээдлэдэг төсөв санхүү, бүтэц зохион байгуулалтын тогтолцоонд шилжих эрх зүйн өөрчлөлтийг хийнэ.

  • Боловсролыг дээдэлдэг төсөв, санхүү, бүтэц байгуулалтын тогтолцоонд шилжэх эрх зүйн өөрчлөлт хийнэ.

  • Багш нарын ажиллах, амьдрах боломжийг дээшлүүлнэ. “Багш” санг байгуулна.

  • Боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

  • Амьдралын бололцоо тааруухан хүмүүсийн сурч боловсрох орчинг сайжруулна.

  • Улсад хэрэгтэй, чухал шаардлагатай байгаа мэргэжилтнүүдийг бэлтгэнэ.

  • Соёл урлагийн өвийг хадгалж, хамгаалах, үнэ цэнэтэй бүтээл тууривах, дэлхийд таниулах ажлыг зохион байгуулна.








English
Parties (node reference): 
Images: 
Portfolios: